Вы находитесь на странице: 1из 15

Үлэмж Их Чингис Хаан, Ред. Ж. Болдбаатар, Ш.

Чоймаа, УБ: Соёмбо, 2012: 297-309;


 

Эеэр эс аваас мэсээр


(Сартуулыг дайлан дагуулсан нь)

Д. Баярсайхан

Сартуул (Хорезм) улсад аян мордсон Чингис хааны дайн бол Их Монгол Улсын хилээс

гадагш чиглэсэн олон байлдаан тулааны дотроос сайтар судлагдсан сэдвийн нэгд зүй

ёсоор тооцогдоно. Тус сэдвийг задлан шинжилсэн В. В. Бартольд, Ж. А. Бойл, С. М.

Буниятов, И. П. Петрушевский, П. Пеллио, Г. Раверти, П. Рачневский зэрэг эрдэмтдийн

орчуулга, өгүүлэл, тайлбар хэдийнээ олны хүртээл болжээ. Энэ талын судалгаа өргөн

цараатай, нухацтай байдгийн гол үндэс нь арвин эх сурвалж уламжилж ирснээс шууд

үүдэлтэй. Үүнд, “Монголын нууц товчоон”-ы дээр Жувэйнигийн “Ертөнцийг байлдан

дагуулагчийн түүх”,1 Жузжанигийн “Түгээмэл түүх”,2 Рашид ал-Дины “Судрын чуулган”3

зэрэг персийн гурван сурвалж, Ибн ал-Атирын “Бүрэн түүх”,4 Насавигийн “Жалал ал-Дин

Манкубирнигийн намтар”5 хэмээх арабын хоёр сурвалжийг тухайлан нэрлэвэл зохино. Уг

аян дайныг авч үзэхийн өмнөтгөл болгон түүхэн урьдач нөхцөлийг товч өгүүлсүү.

                                                                                                                       
1
Juvaynī, ‘Alā’ al-Dīn (623/1225-681/1283), Ta’rikh-i Jahān-Gushā, Mīrzā Muhammad Qazvīnī (ed.), 3 vols.,
Tehran: Pik Irān, 1962; The History of the World Conqueror, tr. by J. A. Juvaini/Boyle, Manchester:
Manchester University Press, 1997. Хойшид Juvaini/Boyle гэж товч заах болно.  
2
Jūzjānī, Minhāj b. Sirāj M. (589/1193- d. after 664/1265), Ṭabaḳāt-i- Nāṣīrī (657/1259- 658/1260), ed. ‘Abd
al-Ḥayy Ḥabībī, 2 vols, Kabul, 1342-3/ 1963-4; tr. by H. G. Juzjani/Raverty, W. N. Lees (ed.), 2 vols., reprint
New Delhi: Oriental Books, 1970. Хойшид Juzjani/Raverty гэж товч заах болно.  
3
Rashīd al-Dīn, Faḍl Allāh (ca 645/1247-718/1318), Jāmi’ al-Tavārīkh (704/1306-710/1311), B. Karīmī (ed.),
Tehran: Āqbāl, 1954; Sbornik Letopisei (Collected Chronicles), A. A. Semyonov (ed.), tr. by L. A.
Khetagurov, vol. 1, part 1; tr. by O. I. Smirnova, vol.1, part 2, Moscow, Leningrad: Academy of Sciences
Press, 1952; I. P. Petrushevskii (ed.), tr. by Y. P. Verkhovsky, vol 2, Moscow, Leningrad: Academy of
Sciences Press, 1960; A. A. Romaskevich (ed.), tr. by A. K. Arends, vol 3, Moscow, Leningrad: Academy of
Sciences Press, 1946. Хойшид Collected Chronicles гэж товч заах болно.
4
Ibn al-Athīr (1160-1233), Al-Kāmil fi’l-ta’rīkh, tr. by P. Juze, Baku: Azerbaijan Institute of History, 1940.
5
Nasawī, Histoire du Sultan Djelal ed-Din Mankobirti, ed. and tr. O.Houdas. Paris, 1891-5; Nasawī, Shihāb al-
Dīn Muḥammad (fl.1241), Sīrat al-Sulṭān Jalāl al-Dīn Mankubirnī, Nasih ‘Ali (ed.), Tehran: Sa‘dī,
1366/1987, tr. by Z. M. Bunijatov, Moscow: Vostochnaja Literatura, 1996; Хойшид Nasawi/Byniyatov гэж
товч заах болно.

1  
 
Үлэмж Их Чингис Хаан, Ред. Ж. Болдбаатар, Ш. Чоймаа, УБ: Соёмбо, 2012: 297-309;
 

Тэмүүжин Их Монгол улсын хаанаар өргөмжлөгдсөн цагаас хойш улс төр хийгээд

эдийн засгийн бэрхшээлтэй тулгарсны улмаас бусдыг эзлэх, түүгээр үл барам дэлхийг

байлдан дагуулах төлөвлөгөөндөө орсон хэмээн үзэх явдал газар авсан байдаг. Гэтэл үнэн

хэрэгтээ Чингис хааны хувьд эзэнт гүрнээ тэлэх бодлого төдийлөн чухалгүй, түүнчлэн

Алтан улсын эзэн суух юм уу Ираны шагийн сэнтийд залрах хүсэл огт байгаагүй нь

илэрхий юм. Учир нь, Монгол нутагт болж байсан үйл явдалд тэр бээр цаг үргэлж сонор

сэрэмжтэй байж, гадагш чиглэсэн аян дайнаасаа заавал гэртээ буцаж ирдэг байсныг түүх

өгүүлдэг. Түүний байлдан дагуулалд эртнээс төлөвлөн сэдэж өдөөсөн зүйл байгаагүй

бөгөөд ямарваа нэгэн өдөөн хатгалгын улмаас дайтахаас өөр аргагүй тохиолдолд татагдан

орж байсныг Хятан нар хэлэлцээнээсээ урвасан, Кипчакууд хүргэнийг нь хөнөөсөн,

Тангууд албаасаа татгалзсан, Найманы үймээнээс сэрэмжлэн Хүчлүгийг нэхэж Хорезмын

нутагт нэвтэрсэн зэргээс харж болно.6

Тухайн үед дайны олз улс гүрнийг тэжээх үүсвэрийн нэг байсан нь үнэн боловч

угтаа зүс зүйлийн хураавар олон омог аймгийг нэгтгэн эрхшээж “төвөөс зугтах” үзлийг

дарж байх хөшүүрэг байв. Эдийн засгийн асуудал дотоодод болон гадаадад улс төрийг

залдаг тул Тангуудыг хоёр дахь удаагаа довтлох үндэслэл тэр цагийн овог хоорондын

тэмцлээс улбаалан монгол нутгийн бэлчээр ихээхэн сүйдсэнээс үүдэлтэй гэсэн таамгийг

Рачневский дэвшүүлсэн байна.7 Хэдийгээр Тангууд улс Жүрчидийн Алтан улсын

холбоотон болж, өөрт нь аюул учруулахыг мэдэж байсан ч Чингис хаан цаг агаарын

нөхцөлд цэрэг эрс, агт морьдоо эцээхгүйг эрхэмлэн, цэргээ татаж авчээ. Бусдыг

эрхшээлдээ оруулахын төлөө харийн газрыг сахиж суусан явдал түүнд байсангүй. Чингис

хаан Алтан улсыг таван жил гаруй дайлж, нийслэл Жүндү хийгээд нийт нутгийн хагас

                                                                                                                       
6
 Petrushevski, ‘Поход монгольских войск в Средную Азию в 1219-1224 г. и его последствия’ in Tataro-
Mongoly v Azii i Evrope, Moscow, 1970: 110. Хойшид “Поход” хэмээн товчлох болно.
7
Paul Ratchnevsky, Genghis Khan; His Life and Legacy, Blackwell, 1991: 169.

2  
 
Үлэмж Их Чингис Хаан, Ред. Ж. Болдбаатар, Ш. Чоймаа, УБ: Соёмбо, 2012: 297-309;
 

шахам хувийг эзлэн авсан боловч бүрмөсөн дуусгалгүй 1215 оны эцсээр гэдрэг буцжээ.

Чухамхүү энэ үед Чингис хааны тухай Хорезмын шаг дуулсан байв.

Чингис хаан Хорезмын Мухаммад султантай анх харилцсан цаг хугацааг

тогтооход будлиан гарч ирдэг. Учир нь энэ тухай өгүүлсэн лалын сурвалжийн мэдээ олон

янз байдагтай холбоотой. Персийн түүхч Жузжанигийнхаар, 1215 онд тэр хоёрын

харилцаа эхэлсэн гэдэг.8 Жүрчидийн Алтан улсын баян чинээлгийн тухай чих дэлссэн

Мухаммад шуналдаа автан байх тэр үед Чингис хэмээх нэгэн монгол эр санаа орхисон

газрыг нь дайлахаар мордож байгааг дуулжээ. Тухайн үед Мухаммад Трансоксани болон

Ираны хэд хэдэн мужийг цэргийн хүчээр эзлэн авсан, ид гал цог дүрэлзэж байсан тул

Чингис хаанд элчээ илгээж сүр хүчээ үзүүлэхээр шийдсэн байна. Элчсийн тэргүүн Баха

ал-Дин Рази (Bahā’ al-Din Razī)- гийн яриаг тэмдэглэсэн Жузжанигийн мэдээг

сийрүүлбээс, элч нар Алтан улс хүрэх замдаа хүүрээр босгосон овоо толгод байхыг үзээд

цаст уул мөн үү гэлцэн андуурсан агаад Чингис хаанд бараалхах үед Алтан улсын хан

хөвүүн тэргүүн сайдынхаа хамт баривчлагдан байцаагдаж байв. Хоёрдох удаа

бараалхахуйд, Чингис хаан элчсийг найрсгаар хүлээн авахдаа, султаныг өрнөдийн эзэн

хэмээвээс би бээр дорнын эзэн болой. Хоёр эздийн хооронд энх амгалан тогтож, арилжаа

наймаа дэлгэрч, худалдаачин ард чөлөөтэй зорчих гэрээ байгуулбаас нэн чухал буюу

хэмээн санал болгоод, ачаа дүүрэн хятад алт бүхий бэлэг сэлтийг хүргүүлжээ. Эдгээр

элчийг дагалдуулан Чингис хаан өөрийн худалдаачдаа алт, мөнгө, торго бөс барааг таван

зуун тэмээнд ачин илгээв хэмээн Жузжани бичжээ.9

Хoрезмын султаны элч нар Жүндү хүртэл аялсан тухай мэдээ өөр сурвалжид

байдаггүй, харин ч элч нарын аяллын чиглэл Монголоос эхлэлтэй болохыг арабын түүхч

                                                                                                                       
8
Juzjani/Raverty, vol. II, 1970: 963.
9
 Мөн тэнд, 963.

3  
 
Үлэмж Их Чингис Хаан, Ред. Ж. Болдбаатар, Ш. Чоймаа, УБ: Соёмбо, 2012: 297-309;
 

Насави тэмдэглэжээ.10 Насавигийн үзсэнээр, Чингис хааны элч нар 1218 онд султаныг

анхлан зорьж хүрээд торго дурдан эд таваар барьснаас гадна найрамдлын гэрээ байгуулах

санал тавьжээ. Түүхч үүний үндэслэлийг султаны ялалт амжилттай холбож, мөнхүү

шалтгаанаар Чингис хаан харилцах хүсэл эрмэлзэл дүүрэн байснаар дүрсэлжээ. Ганц гэм

бол Чингис хаан Мухаммад султанд “өөрийн хайрт хөвүүний зэрэгт чамайг үзэх болно”

хэмээсэн нь түүнийг ихэд хилэгнүүлэв. Султаны цэргийн хүч тэр үед Чингисийн армиас

хол давуу байсан учраас ийм хандлага Мухаммадыг доромжилсонтой адил хэмээн араб

түүхч бичжээ.11

Энэ хоёр сурвалжийн алин зөв болохыг тайлах амаргүй боловч хоёулаа Отрарын

үйл явдлаас зөрчил үүссэнийг зөвшөөрдөг билээ. Найманы Хүчлүгийн араас нэхсээр

Хорезмын султаны армитай сөргөлдөх болсон монгол цэргүүдийг ахалж байсан Зүчи

эцгийнхээ захиасны дагуу Баруун Азид сүр хүчээ ид гайхуулж байсан Хорезмын

султантай эв эеэр харьцахыг хичээн, элч илгээж ямарваа нэгэн муу санаа өвөрлөж ирээгүй

хийгээд түүнийг ямар нэгэн байдлаар гомдоох санаа шалтгаан үгүй болохоо уламжлав.12

Султан Чингис хаанд таатай хандаагүйгээс гадна Алтан улсад явуулж байгаа

Чингисийн бодлогыг Өвөр Ази үймэхийн шинж гэж үзсэн байна. Жузжанигийн

өгүүлснээр, султан Чингисийн армийн хэр чадлын талаар бодит мэдээлэл олж авахын тулд

Монгол руу тагнуулаа илгээжээ. Тэгэхлээр, Чингис хааныг Алтан улсад байх үед

бараалхсан элч нар түүний тагнуулууд байсан бололтой. Рашид ал-Дины болон

Жузжанигийн үзлээр бол тэртээ 1205 онд Мухаммад султан Хятадыг буюу Алтан улсыг

дайлаар мордохыг санаархаж байжээ.13 Эдгээр сурвалжийн мэдээнээс үүтгэн, Чингис

                                                                                                                       
10
Nasawī, ed., Houdas, Paris, 1891-5 : 57-59.
11
 Мөн тэнд, 57-59.  
12
 Nasawi/Buniyatov, 1996 1996: 51; Juvaini/Boyle, vol. II: 372.
13
 Juzjani/Raverty, vol.II: 96, 963-66; Collected Chronicles, vol. 1/ 2: 157.

4  
 
Үлэмж Их Чингис Хаан, Ред. Ж. Болдбаатар, Ш. Чоймаа, УБ: Соёмбо, 2012: 297-309;
 

Мухаммад хоёр эрт орой хэзээ нэгэн цагт илдний ир харшуулан тулах байсан нь тодорхой

байжээ гэсэн нэгэн дүгнэлт хийж болох байна.

Зүчийн илгээсэн элчид Мухаммад: “Хаан эцэг чинь чамд дайтахгүй байхыг

даалгасан ч бүхнийг ялгуусан Аллах тэнгэр чамтай тулж ялалт байгуул гэж надад

зарлигдлаа. Надад чи ч адил, Гүр хаан болон Хүчлүг нарын хэн ч адил, та нар бүгд буруу

номтон. Сэлэм хугарч, жад туялзсан дайн болдгоороо болог” хэмээн хариу өгүүлжээ.

Ийнхүү байлдаан эхлэн хэдэн өдөр үргэлжилж, Зэв жанжины удирдсан монгол цэргүүд

дайрах, харвах, сүрдүүлэх зэрэг аргаар тулалдаж, хүчний байдал илт тэнцвэргүйг мэдрээд

шөнөдөө уулын хавцалд маш олон түүдэг асааж үлдээгээд сэм ухрав. Тийм боловч тэд

хоёр дахин давуу хүчтэй дайсандаа бэрх өрсөлдөгч болохоо харуулжээ.14

Султаны үзлийг Өвөр Азийн худалдаачид огт дэмжсэнгүй. Тэд монголчуудтай

худалдаа хийх сонирхолтой байжээ. Жүндү хот бууж өгсөн тухай дуулсан Бухар хотын

гурван наймаачин Чингис хааныг зорин тэмээн хөсөгтэй гарчээ. Тэдний бараа даруй

борлогдож наймаа ихэд ашиг олов. Чингис хаан худалдаачдын Хорезм хүрэх замын

аюулгүй байдлыг сахиулахаар зарлигдаж, хойд Хятад өөрийнх нь мэдэлд орсон тухай зар

дуулгахын ялдамд баяжих ухаан худалдааны гэрээнээс үүдэлтэй болохыг сануулжээ.15

Чингис хааны үгийг мөн ёсоор уламжлав. Мухаммад энэхүү энхийн гэрээ байгуулж

арилжаа наймаа хөгжүүлэх санаа нь заль мэх гэж үзсэн боловч Самаркандын бэхлэлт,

цэрэг армийн бэлтгэлийг хангахад цаг хугацаа хожих үүднээс саналыг хүлээн авсан дүр

үзүүлэхээс өөр аргагүй болжээ.16

Дараагийн үйл явдлын тухай бичсэн лалын сурвалжууд бүхний буруутан нь

Мухаммад султан болохыг нэгэн дуугаар зөвшөөрдөг билээ. Дайн өдөөгч нь Чингис бус

                                                                                                                       
14
 Nasawi/Buniyatov, 1996: 53; Juvaini/Boyle, vol. I: 69; vol. II: 372.
15
Juvaini/Boyle, vol. I: 79; Juzjani/Raverty, vol. II, p. 966; Collected Chronicles, vol. 1/ 2, p. 188;
Nasawi/Buniyatov, 1996:78.
16
 Nasawi/Buniyatov, 1996:78.

5  
 
Үлэмж Их Чингис Хаан, Ред. Ж. Болдбаатар, Ш. Чоймаа, УБ: Соёмбо, 2012: 297-309;
 

гэдгийг тэд эрхгүй тэмдэглэж, Мухаммадын богино ухааныг халаглан буруутгасан байдаг.

Учир нь, 1218 онд Чингис хаан хэлэлцэж тохирсны дагуу өөрийн худалдаачдыг Мухаммад

руу илгээжээ. Жузжанигийн мэдээгээр 450 худалдаачид байсан бол Жувэйнигийн

тооцоогоор 500 тэмээ ачсан тэмээн жин гарсан.17 Тэдний ихэнх нь лалын наймаачид

байв.18 Тэмээн жин Хорезмын зүүн хязгаарын Отрар хотод хүрэлцэн ирэхэд Султаны эх

Теркин хатны ойрын төрөл Инал-хан (Инальчик) хэмээх Отрар хотын захирагч монгол

худалдаачид тагнуулын албаар яваа бөгөөд иргэдийн дунд үймээн дэгдээхээр ирлээ гэх

цуурхал тарааж султанд мэдээ занги илгээжээ. Иймэрхүү цуу яриа тараах боломж байсан

уу гэвэл, тухайн үеийн бүх худалдаачид тагнан турших үүрэгтэй илгээгдэж байсан нь

үнэн. Тийм боловч тэд орон нутгийн бэхлэлт, цэргийн байрлал, нийт хүн амын ахуй

байдал хийгээд хааны ордон доторх хагарал зөрчил, хуйвалдааны талаарх мэдээ цуглуулах

үүрэгтэй байснаас иргэдийн дунд үймээн дэгдээх даалгавар хэнд ч байгаагүй аж. Үүнийг

Вернадский хэрвээ нийтийн дунд цуурхал цацах байваас Чингис хааны алдар гавьяа, цэрэг

эрсийн агуу хүчийг магтан дуулж, дайсагнасан болгон дийлддэг тухай дуулиан тараах нь

илүү үнэмшилтэй байх байжээ хэмээн үзжээ.19 Хорезмын султаны зөвшөөрлөөр Инал-хан

худалдаачдыг дээрэмдэж харгислан алав. Жузжани, Насави нарын сурвалжид Инал-ханы

шунал ийнхүү дайны шалтаг болсон гэж үзсэн бол Жувайни, Рашид ал-Дин нар энэтхэг

худалдаачдын ёс бус ихэрхүү зан Инал-ханы дүргүйг хүргэлээ гэжээ. Эдгээрийн аль нь ч

үнэн байсан Инал-ханд олон улсын гэрээ хэлэлцээр зөрчих тийм эрх хийгээд зүрх

байгаагүй, цуст аллагын гол буруутан нь Мухаммад султан гэдгийг лалын сурвалжууд

бүгд хүлээн зөвшөөрдөг.20

Ийм өдөөн хатгалгын хариуд Чингис хаан тэвчээрээ дахин нэг харуулж Отрар

хотын захирагчийг түүнд илгээхийг шаардан ийн өгүүлжээ: “Султан чи худалдаачдыг


                                                                                                                       
17
 Juvaini/Boyle, vol.1, p. 79.
18
 Biran, M., Chinggis Khan, Oneworld, 2007
19
 Vernadsky, The Mongols and Russia, p. 117.
20
 Juzjani/Raverty, vol. II: 967; Juvaini/Boyle, vol. I: 79; Collected Chronicles, vol. 1/ 2: 188.

6  
 
Үлэмж Их Чингис Хаан, Ред. Ж. Болдбаатар, Ш. Чоймаа, УБ: Соёмбо, 2012: 297-309;
 

хохироохгүй хэмээн ам өчиг өгсөн атал үгэндээ хүрсэнгүй. Урвалт бол гутамшиг.

Ялангуяа чамд, исламын султанд бүр ч илүү шившиг байлтай. Захирагч чинь чиний

зарлигаар ийн авирлаагүй хэмээн баталж Инал-ханыг над руу илгээ. Бид цээрлүүлэхээ

мэдэх. Дэмий цус урсгах юун хэрэг. Үтэр түргэн барьж өг. Ийнхүү эс болбоос би их аян

мордож дайлсуу...” хэмээв.21

Зүчи, Зэвийн цэрэгтэй хүч үзэн тулаад ялсан Мухаммад дайтахад бэлэн байжээ.

Тэр бээр өөрийн хилээр Төв Азийн нүүдэлчдийг оруулахыг хүссэнгүй. Хэрвээ Инал-ханыг

Чингист барьж илгээвээс, эхдээ зэмлэгдэж, түүний мэдлийн Түрэг ноёдын цээрлэлд өртөх

тул эмээсэн султан Чингисийн шаардлагыг дамжуулсан элчийг алжээ. Энэхүү аллагаас

болж “лалын ариун сүсэгтний цус далай мэт урсав” хэмээн Насави халаглан бичсэн бол,

Жувэйни “монгол дусал цусны төлөө Оксус [Амударья] гол цусаар дүүрэв” гэж дүрсэлсэн

байдаг.22

Элчийг хороох явдал олон улсын гэрээг бүдүүлгээр зөрчсөн хэрэгт хэзээнээс

тооцогдож ирсэн. Чингис хаан энэ үйлдлийг сонсмогцоо: “Хорезмын султан хаан бус

ажгуу. Хаан шиг хаан байсан бол Отрарт миний худалдаачдыг хөнөөхгүй, миний элчийг

алахгүй асан. Хаад элчийг хороодоггүй” хэмээн ихэд хилэгнэж [Бурхан Халдун] уулын

оройд гарч малгайгаа аван, тэнгэр өөд гурван өдөр гурван шөнө залбиран, “Энэ дайныг би

эс өдөөв. Шударгааар гэсгээн цээрлүүлэх хүч хайрла хэмээв” гэж Жувэйни бичжээ.23

Үүний дараагаар Чингис хаан дайны бэтгэлийг няхуур чамбай хангаж эхлэв.

Чингисийн дайсан болсон Хорезмын шаг лалынхны дунд “Султаны хүү султан”

хэргэмтэй байсан атлаа иранжсан түрэг гаралтай хүн байжээ. Тэр бээр 20 сая хүн амтай, 40

түмэн цэрэг удирдсан Азийн хүчирхэг хаадын нэг байсан бөгөөд Аралын тэнгисээс

                                                                                                                       
21
Nasawi/Buniyatov, 1996:79-80.
22
Juzjani/Raverty, vol. II: 967; Juvaini/Boyle, vol. I: 79; Collected Chronicles, vol. 1/ 2: 188;
Nasawi/Buniyatov, 1996:79-80.
23
 Juzjani/Raverty, vol. II: 967; Juvaini/Boyle, vol. I: 80; vol. II: 367; Collected Chronicles, vol. 1/ 2: 189.  

7  
 
Үлэмж Их Чингис Хаан, Ред. Ж. Болдбаатар, Ш. Чоймаа, УБ: Соёмбо, 2012: 297-309;
 

Персийн тохой, Памирын уулсаас Загросын нуруу хүртэлх уудам газар нутгийг эзлэн сууж

Өвөр Азийн ихэнх хэсэг, Афганистан хийгээд Ираныг захирч байлаа. Хэдий тийм боловч

суурин иргэншилт иран үндэстэн, түрэг нүүдэлчдийн хоорондын тэмцэл нэгдмэл нэгэн

улс төрийн хүчин болохыг нь олон жилээр саатуулж байжээ.24

Чингис хаан дайллаар мордохоосоо өмнө 1219 оны туулай жил Их хурилдай

хуруулж, Есүй хатны санааг зөвшөөн Өгөөдэйг хаан ор залгамжлах хөвүүнээр нэрийдэн

зар тунхаагаад, Хорезмыг хэрхэн дайлахаа хэлэлцэн, цоохор цэргийн хүчийг уйгар, хятан,

жүрчид болон харлагуудаар сэлбэж, Эрчис голоор зусуулж, байлдааны сургуулилт сайтар

хийлгэжээ.25 Чингис 8 түмэн шилмэл монгол цэрэг, арын алба болон цоохор цэрэг нийлсэн

6 түм, нийт 14 түмэн буюу 140,000 хүн авч явсан тооцоо бий. Үүнээс гадна Зэв, Сүбээдэй,

Тогочар нарын 15,000 цэргийн тоо ч байдаг.26 Тэр жилийнхээ намар Чингис хаан Отрар

хотыг зорив. Жүрчидийн эсрэг явуулсан аргатай адил хувилбараар Хорезмын дээд

зиндааныхны зөрчлийг ашиглан өөр зуураа итгэх итгэлийг нь сэвтүүлэх ухуулгын

ажиллагаа өрнүүлэв. Монгол цэргүүд дайрахын өмнө Чингис хаан Хорезмын эмир ноёд

болон иргэдийн ахлагч нарт газар дээр наран ургах зүгээс наран жаргах зүгт эзэн суух

эрхийг Тэнгэр надад олгосон учир дагаар орсон хэн боловч амь нас хийгээд хөрөнгө

хогшилтойгоо өршөөгдөнө, эс дагаваас эхнэр хүүхэд, эдийн хамт хөнөөгдөнө хэмээн зар

тархаажээ.27 Насавигийн тэмдэглэснээр, Чингис хаан Данишманд нэрт захирагчийг

султаны эх Теркин хатанд бууж өгөх мэдүүлэг бичиг гардуулахаар илгээснээс гадна,

султаны эртний дайсан болох Бадр ал-Дин Амидын (Badr al-Din al-‘Amid) зөвлөснөөр

                                                                                                                       
24
 Ratchnevsky, 1991: 124.
25
  Энэхүү Их хурилдайгаар Алтан улсын хэргийг Мухулайд хариуцуулан, Тангудын эзэн Бурханыг
дахин дайлах, Ойн иргэн болон Хорь түмэдийн нутагт дэг журам сахиулах, эзлэгдсэн улсын иргэдээс
алба гувчуур татах зэрэг явдал шийтгэн эх улсаа захирч үлдэх хүнийг томилжээ; Монголын нууц
товчоо,  §  257; Juvaini/Boyle, vol. 1: 82.
26    
Монголын нууц товчоо, §257; Collected Chronicles, vol. 1/ 2: 227.
27
 Juvaini/Boyle, vol. I:145.

8  
 
Үлэмж Их Чингис Хаан, Ред. Ж. Болдбаатар, Ш. Чоймаа, УБ: Соёмбо, 2012: 297-309;
 

Теркин хатан хийгээд хэд хэдэн эмир ноёд монголчуудад хүчээ өгөх болсныг дуулгасан

хуурамч захиа тараав. Эл захиаг султан болон ордныхонд мөн хүргүүлсэн байна.28

Энэ заль мэх үүргээ гүйцэтгэж, Мухаммад өөрийн хүү Жалал ал-Дин болон эхдээ

итгэх хүч суларч, цэргийн жанжин бүхнээ хардан сэрдэж, тэднийг хот хотоор тараан

байрлуулж, монгол цэргийн хүч ойртсон сургаар өөрөө ганц ч байлдаанд оролгүй дутаан

одов. Монгол армийн замд хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн нь зөвхөн Систан мужийн жирийн

иргэд болно.29 Чингис хааны цэргийн тоо хавьгүй бага байсан боловч төмөр сахилгатай

цэргүүд хийгээд эзэн хаандаа үнэнч цэргийн дарга нарын ач гавьяаг үнэлж баршгүй

хэмээн Рачневский дүгнэжээ.30 1220 оны 2 дугаар сард Отрар хот 5 сар тэмцсэний эцэст

монголчуудад бууж өглөө. Султаны зарлигаар Отрарыг хамгаалах үүрэг хүлээсэн 50,000

цэргийн жанжин Карача шөнө дүлээр зугтаж явахдаа монголчуудад баригдаж, эзнээсээ

урвасан хэргээр хороогдов. Инал-хан 20,000 цэргээр хүрээлүүлэн, хот дотроо бүгж байгаад

хамгаалалтын цэргүүд нь дараалан алагдаж, зэр зэвсэггүй болж ядаад байшингийн

дээврийн пааланг нүүлгэж тэмцсээр эцэстээ баригджээ.31 Түүний үхлийг дүрслэн бичих

тал дээр лалын түүхчдийн уран сэтгэмж илэрч, Чингис хаан Иналын нүд, чихэнд халуун

мөнгө цутгах зарлиг буулгав гэдэг. Энэ үнэхээрийн хэтрүүлэг хийгээд үнэнд нийцэхгүй

юм. Чингис хаан хот бууж өгөхийг хүлээлгүй, Кызил Кум цөлийг гатлан, Бухар хотын зүг

морджээ. Цагаадай, Өгөөдэй хоёр Отрарыг авч дуусгах үүрэг хүлээн үлдэв.32

Бухар бол хэдийнээс шашин, урлаг, уран сайхны хот байсан агаад гар урчуудын

эрх мэдэл нэр нүүр илүү байжээ. Тиймээс ард иргэд нь хүнд сурталт эздийнхээ эсрэг

Санжар хэмээх дарханы удирдлагаар бослого гаргах үед Мухаммад султан нутгийн ноёд
                                                                                                                       
28
Nasawi/Buniyatov, 1996: 82-3; Barthold, “Туркестан в эпоху монгольского нашествия” in Сочинения,
Moscow, 1963; vol I: 474-5. Хойшид ‘Turkestan’ гэж товчлох болно.
29
 Petrushevski, ‘Поход’: 114; Cf Juzjani/Raverty, vol. II :1048.
30
 Ratchnevsky, 1991: 171
31
 Juvaini/Boyle, vol. 1:82; Collected Chronicles, vol. 1 /2:199.
32
Тухайн үед монгол цэрэг Хорезмын бүхий л нутгаар тархан байлдаж байжээ. Энэ дайнаар Харц, Хас,
Алаг, Тахай нарын цэргийн жанжид тодорсон билээ. Nasawi/Buniyatov, 1996: 81; Juvaini/Boyle, vol.1:
80; Collected Chronicles, vol. 1 /2: 198, 303; Barthold, ‘Turkestan’: 476.

9  
 
Үлэмж Их Чингис Хаан, Ред. Ж. Болдбаатар, Ш. Чоймаа, УБ: Соёмбо, 2012: 297-309;
 

ихэстэй хамсаж, 1207 онд хотыг Хорезмын эзэнт гүрэндээ нийлүүлсэн аж.33 Шашин

хийгээд соёлын төв болсон Бухар хот бэхлэлтийн хувьд бусдаас сул мөртөө Бухар луу

орох зам Хорезмын нийслэл Самаркандаар дайран гардаг байж. Гэтэл Чингис хаан

Самаркандаар бус, Кызил Кум цөлийг гатлан Хорезмын нутагт 650 км цөмрөн Бухарт

ирнэ гэж хэн ч төсөөлсөнгүй.34 Монголчууд айсуй сургаар иргэдийг хотоос гарган

нүүлгэх, Хорезмын армиас цэрэг татах ажиллагаа эхэлжээ.35 Хотын хамгаалалтын

цэргүүдээс амьд үлдсэн хүн үгүй тул хотын иргэд хаалгаа нээн бууж өгчээ. Хот дотор 500

орчим түрэг цэрэг үлдэж, 14 хоног зоригтой тэмцсэн боловч тэднээс нэг нь ч амьд

үлдсэнгүй. 1220 оны эхээр Бухар хот дагав. Бууж өгсөн хотын иргэдэд монголчуудын

чөдөр оньсон зэвсгийг чирэх үүрэг оноожээ.36 Бухарыг монголчууд сүйтгэхийн дээдээр

сүйтгэв хэмээн Жувэйни тэргүүтэй лалын түүхчид уулгалан харууссан байдаг. Цаашилбал,

түүхчид тухайн үед хот дотор их түймэр дэгдэж, бүгдийг галдан шатаасан бурууг Чингис

хаанд тохоодог юм.37 Тэр үеийн Бухар хот чигжүү барьсан модон байшингуудаас бүтэж

байсан учраас гал даруй газар авч хот дорхноо түймэрт автжээ. Бартольд үүнийг монгол

цэргийн довтолгоонд түймэр санамсаргүй гарсан ба түүнд Чингис хааны оролцоо огт

байхгүй нь мэдээж хэмээн дүгнэжээ.38 Жувэйнигийн бодлыг эргэцүүлбээс, Чингис хааны

бусдын шашныг хүндэтгэн үзэж, шүтэх эрхэнд нь үл халдах бодлогод лалын масчид сүм

хийдийг галдан шатаах сонирхол огт нийцэхгүй тул гэм зэмийг хэн нэгэнд тохоох лалын

түүхчдийн нөгөө л хэтрүүлэг гэж үзүүштэй.

                                                                                                                       
33
 Barthold, ‘Turkestan’: 424.
34
 Biran, 2007: 57.
35
 Juzjani -12,000; Juvaini-20,000; Nasawi- 30,000.
36
Ибн ал-Атирын мэдээлснээр Монголчууд ухарт 1220 оны 2 сарын 10нд цөмрөн оржээ; Жузжани 2
сарын 16-нд гэжээ; Жувэйни Рашид хоёр 3 сард гэжээ. Лалын сурвалжийн мэдээг хятад сурвалжтай
харьцуулахад 1220-1223 оны үйл явдлууд хятад сурвалжид нэг оны дараа байдагийг A. Waley (The
Travels of an Alchemist: The Journey of the Taoist Ch'ang-Ch'un from China to the Hindukush at the
Summons of Chingiz Khan (1963), p. 87, n.2)-доо онцлон тэмдэглэснийг санахад гэмгүй.
37
 Juvaini/Boyle, vol. I: 97-109.
38
 Barthold, ‘Turkestan’: 476-8.

10  
 
Үлэмж Их Чингис Хаан, Ред. Ж. Болдбаатар, Ш. Чоймаа, УБ: Соёмбо, 2012: 297-309;
 

Бухарыг буулгасан монгол арга ухаан Хорезмын бусад хотуудыг буулгасан нэгэн

жишиг гэж болно. Эсэргүүцэн тэмцвээс хүн ам, хот балгас бүрмөсөн сүйддэгийн үлгэр

жишээ мөн эндээс үүдэлтэй. Хүн амыг хүйс тэмтрэх ажиллагаа явуулж байсан нь үнэн

боловч залуу эрсийг армийн туслах нэгтгэлд авах, гартаа уртайг монгол руу илгээх, баян

тансгаас нь татвар авах зэргээр хэр хэмжээнд нь тохируулан амь хэлтрүүлж, ашиглаж

байв. Эмэгтэйчүүдийг цэргийн хуарангуудад аваачиж байжээ. Гэхдээ хот болгоны хувь

заяа ийм байгаагүй ба ялангуяа Хорасаны нутагт Херат мужаас бусад газарт

монголчуудын учруулсан сүйрлийн тухай лалын түүхчид огт дурдаагүй юм.39

Бухар хотыг байлдан дагуулсан явдал Хорезмын гүрэнд хагарал үүсэх эхлэлийг

тавив. Цэргийн жанждаа тараан байрлуулсан султан эцгийнхээ алдаанд хүү Жалал ал-Дин

нь харамсавч үл баран байсан ба монгол цэргийн хүч чадал, морьтон цэргийн ур чадвар,

цайзын ханыг нураах хятад болон лалын оньсон техникийн инженерийн ухаан зэргийг

хослуулсан Чингисийн армийн эсрэг хүчин мөхөстөхөө ойлгожээ. Чингис хаан Бухараас

Самарканд тийш хөлгийн жолоо заллаа. Самарканд бол худалдаа наймаа цэцэглэн

хөгжсөн арилжааны баян хот болохын дээр маш сайн бэхлэлттэй учир Мухаммад эхтэйгээ

булаалдан байж, энэ хотод ордоо барьж суухаар зэхэж байв. Лалын түүхчдийн тэмдэглэж

үлдээсэн тоогоор хотыг 110,000, үүнээс 60,000 түрэг, 50,000 тажик шилдэг цэргийн хүчээр

хамгаалуулсан ба гаднын довтолгоог жилээрээ даах тийм анги нэгтгэл энд байрлаж

байжээ.40 Яг энэ үед хотын баян худалдаачид, шашны зүтгэлтнүүд Чингис хаантай

байлдах сонирхолгүй байсан бөгөөд эхний монгол цэргийн дайралтад заан хөлөглөсөн

арми оролцуулж сүр хүчээ үзүүлэх гэсэн боловч отолтод байсан монгол цэргүүд зааны

хөлийг сүхдэн цавчиж байгааг хараад хотоороо бууж өгөхөөр элч илгээв. Монголчууд лам

хувраг болон тэдний үнэнч шавь нар нийлсэн 50,000 хүний амийг хэлтрүүлж, 300 гаруй

                                                                                                                       
39
Juvaini/Boyle, vol.1: 97-109; Collected Chronicles, vol. 1 /2 : 205-6; Barthold, ‘Turkestan’:476-8.
40
 Juvaini/Boyle, vol. I:116, 117; vol. II:. 375. Collected Chronicles, vol. 1 /2: 206.

11  
 
Үлэмж Их Чингис Хаан, Ред. Ж. Болдбаатар, Ш. Чоймаа, УБ: Соёмбо, 2012: 297-309;
 

урчуудыг монгол ноёдод хуваарилан өгч, хотын бусад хүн амыг 200,000 динараар торгож,

харин таван өдрийн турш эсэргүүцэн байлдсан 30,000 цэргийг хайр найргүй хяджээ.41

Жузжанигийн үзэж байгаагаар Самаркандыг Монголчууд 1220 оны 3 сарын 19нд

10 хоногт буулган авчээ. Жувэйнигийн мэдээллээр 1220 оны 5-6 сард уг үйл явдал болсон

байна. Сүүлийн мэдээ үндэслэлгүй болохыг Ж. Бойл гурван зүйлээр нотолж байна: нэгд,

Чингис хаан Бухараас Самарканд ортол 2 сар болоогүй нь мэдээж, хоёрт, Чингис хаан

Самаркандын орчим хаваржлаа гэсэн Жувэйнигийн өөрийнх нь нэг мэдээтэй зөрчилдөж

байгаа, гуравт, Мухаммад султан Ирак руу 3 сарын 18-нд зугтав гэснээс үзэхэд зун болсон

явдал биш юм.42

Самарканд бууж өгснөөр дайны явц шулуудав. Дутааж яваа султаныг Зэв,

Сүбээдэй нарын жанжид мөшгөсөөр байлаа. Султан очсон газартаа монголчуудын эсрэг

сөрөөд нэмэргүй, хөрөнгөө авч зугтацгаа хэмээн уриалсаар явжээ.43 Теркин хатан Чингис

хааны мэдэгдлийг аваад өөрийн албат сайд болон түүний ордонд хоргодохыг эрж ирсэн

ноёд, тэдний үр хүүхэд нийлсэн 22 хүнийг цаазлах зарлиг буулгаад, өөрөө алс хязгаарын

Мазандараны нэгэн цайз руу нүүж одов. Гэвч дөрвөн сарын дараа усгүй цангахын эрхээр

монголчуудад бууж өгчээ. Султаны хүүхдүүдийг алж, татвар эмсийг монголчуудад

хуваарилж, Теркин хатныг Монгол руу Чингисийн орд руу илгээсэн ба хатан тэндээ олон

жил ихээхэн доромжлолд амьдарчээ хэмээн түүхчид бичсэн буй.44 Султан зугтан явсаар

Каспийн тэнгис дэх нэгэн арал дээр хатгаа туссаны улмаас нас баржээ.45

Хорезмын шаг нас эцэслэснээр дайн дууссангүй. Тэр бээр үхэхээсээ өмнө гэрээ

захиасаа өөрчлөн, Жалал ал-Диныг залгамжлагчаараа томилжээ. Жалал ал-Дин бол

зоригтой, эрч хүчтэй, харгис нэгэн байсан. Теркин хатан цайз руугаа мөр буруулан одсоны
                                                                                                                       
41
 Juvaini/Boyle, vol. I: p. 121-2; Collected Chronicles, vol. 1 /2 : 208; Juzjani/Raverty, vol. II: 280.
42
 Juvaini/Boyle, vol. II: 375.
43
 Мөн тэнд, vol. II: 375.
44
 Juvaini/Boyle, vol. II: 465-8; Nasawi/Buniyatov, 1996: 85-6.
45
 Juvaini/Boyle, vol. I: 116, 117; vol. II: 375. Collected Chronicles, vol. 1 /2:213.

12  
 
Үлэмж Их Чингис Хаан, Ред. Ж. Болдбаатар, Ш. Чоймаа, УБ: Соёмбо, 2012: 297-309;
 

дараа ноёдын дунд хагарал үүсэж, түрэг ноёд Жалалын эсрэг босов. Жалал цэрэг армиа

зузаатгах санаатай Хорасанаар дамжин Афганистанд ирсэн байна. Тэр бээр Шихи-

Хутугийн удирдсан монгол цэргийн нэгэн нэгжийг Парваны ойролцоо ялжээ. Уг явдал энэ

дайнд оролцсон монголчуудын цорын ганц ялагдал болно. Чингис хаан өргөмөл

хүүгийнхээ ялагдалд сэтгэл гонсойсон боловч цаашдын дайн тулаанд болгоомжтой

байхын сургамж хэмээн соёв.46 Чингис хаан Жалал ал-Диныг мөшгөхөөр явахдаа Хорезмд

хөвүүдээ үлдээжээ. Жувайни сурвалждаа Цагаадай, Өгөөдэй хоёрыг үлдээсэн гэсэн бол

Рашид ал-Дин гурван хөвүүн үлдлээ хэмээв. Рашидын сурвалжийн мэдээ үнэн болохыг

Үргэнчи хотыг эзлээд эцэгтээ хувь оноогоогүй гурван хүүг зэмлэсэн түүх гэрчилнэ.47

Чингисийн цэрэг Жалал ал-Диныг нэхсээр Инд гол хүрч бүслэн авахад цэрэг нь бут

цохигдоод, өөрөө морьтойгоо ширүүн урсгалт гол руу орж сэлсээр нөгөө эрэг дээр гарчээ.

Чингис хаан түүнийг мөшгөхийг хориод: “Эцгийн хүү ийм л байгууштай” хэмээн

Жалалын эр зоригийг магтан өгүүлсэн гэдэг.48 Жалал тэмцлээ үргэлжлүүлэн Энэтхэг,

Ирак, Гүрж, Армян, Бага Ази, Азербайжаны нутгаар дайлж явсаар 1231 онд уулын нэгэн

курдэд алагджээ.

Монголчууд Хорезмын ихэнхийг авсан атлаа бүрэн гүйцэд эзлэлгүй орхисон юм.

Учир нь монгол нутагт Тангуд боссон мэдээг дуулмагцаа нутгийн зүг жолоо эргүүлжээ.

1222 -1224 онд Орос, Европыг эзлэн байлдаж буй жанждаа буцаан дуудаж, Хорезмын

нутгаар тараан байрлуулсан цэргээ хурааж, Талиганы орчим Их хурилдай хуралдуулж,

Монгол руу буцах тухай хэлэлцээд ууган хүү Зүчийг Сартуул улсыг захируулахаар

                                                                                                                       
46
Монголын цэрэг энэ хооронд Парван, Гурзив, Андраба, Бамдака, Талиган, Херат, Фирузкук, Кабул,
Кезин хотуудыг эзлэн авчээ. Nasawi/Buniyatov, 1996 : 100; Collected Chronicles, vol. 1 /2: 222.
47
 Монголын нууц товчоо, §260; Collected Chronicles, vol. 1 /2: 214; Juvaini/Boyle, vol. I:134.
48
Ш. Нацагдорж, Чингис хааны цадиг, 1991:147; Juvaini/Boyle, vol. 1:134-35; Collected Chronicles, vol. 1
/2: 223-4. Инд голын тулааныг Жузжани 1221 оны 8-9 сард болсон; Насави 11 сарын 25 гэжээ. Жалал
ал-Дин зугтахаасаа өмнө эх болон татвар эмсээ дайсны доромжлолоос хэлтрүүлэх үүднээс алжээ
хэмээн Насави бичсэн байна. Nasawi/Buniyatov, 1996: 295-6.

13  
 
Үлэмж Их Чингис Хаан, Ред. Ж. Болдбаатар, Ш. Чоймаа, УБ: Соёмбо, 2012: 297-309;
 

үлдээв.49 Чингис хаан Энэтхэгээр дайран буцахаар төлөвлөхдөө Дели дэх II Тутмиш

султанаас чөлөөтэй зорчих арга зам хайсан боловч давшгүй өндөр нуруу, мөнх цаст уул,

шигүү ой зэрэг байгалийн бэрхшээлээс болж Пешаварыг дайран ирсэн замаараа буцах

болжээ. Үүнд бас далны мэргэ их үүрэг гүйцэтгэсэн хэмээн лалын түүхчид тэмдэглэсэн

буй.50

Энэ бүгдээс үзэхэд, Сартуулд аялсан Чингис хааны түүх хэдэн зүйл дээр

зангидагдаж байна. Нэгд, Чингис хаан ертөнцийг байлдан дагуулах санаа агуулж

байгаагүй, хоёрт, түүний хийсэн аян дайн болгон бусдын өдөөн хатгалга буюу

доромжлолоос үүдэлтэй, гуравт, түүний хувьд дайтах гэдэг бол дайны талбарт

тулалдахаас илүү улс төрийн арга мэх уралдуулан дайсны сул талыг ашиглах ур ухаан,

дипломат ажиллагаа байсан бөгөөд тэр бээр эсрэг этгээдээ зөв үнэлж чаддагт байжээ

хэмээн дүгнэж болно. 1219-1224 онд Чингис хааны өрнө зүгт тухайлбал, Сартуул улсад

хийсэн аян дайн монголын цэргийн ялалтаар дуусаж, Дундад Ази, Гүрж, Армян, Иран,

Ирак, Афганистан, Пакистан, Умард Энэтхэг, Өмнөд Оросыг үндсэндээ байлдан дагуулж,

Их Монгол улс төвтэй бие даасан Юань гүрэн, Цагаадайн ханлиг, Алтан орд, Илхаант улс

тогтох эхлэл тавигджээ.

Номзүй

Barthold, “Туркестан в эпоху монгольского нашествия” in Сочинения, Moscow, 1963;


Turkestan Down to the Mongol Invasion, ts. by H. A. R. Gibb, second edn. London:
E. J. W, Gibb Memorial Trust, 1958; fourth edn. 1977;Sochinenija, vol. 2, Moscow:
Nauka, 1964; Sochinenija, vol. 5, Moscow: Nauka, 1968.

Boyle, J. A.,‘Dynastic and Political History of the Il-Khans’ in The Cambridge History of
Iran, vol. V, Cambridge University Press, 1968.

                                                                                                                       
49
1221 онд Зэб, Сүбээдэйн цэрэг Иран, Кавказын нутгаар сүлбэлдэн давхиж, Марага, Хамадан,
Нахичеван, Ардабил, Сараб, Байлаканыг дайлж, Ганзак, Котманы нутагт цөмрөн орсон тухай лалын
болон армян сурвалжид тодорхой байдаг. Тэд тэндээсээ Орос, Европыг зорьжээ; Ibn al-Athir, 1940:
137-142; Collected Chronicles, vol. 1 /2: 227-29; Kirakos Gandzaketsi, 1961: 201.
50
 Juzjani/Raverty, vol. II: 1045, 1047; Juvaini/Boyle, vol.I: 138.

14  
 
Үлэмж Их Чингис Хаан, Ред. Ж. Болдбаатар, Ш. Чоймаа, УБ: Соёмбо, 2012: 297-309;
 

Ibn al-Athīr (1160-1233), Al-Kāmil fi’l-ta’rīkh, tr. by P. Juze, Baku: Azerbaijan Institute of
History, 1940.

Juvaynī, ‘Alā’ al-Dīn (623/1225-681/1283), Ta’rikh-i Jahān-Gushā, Mīrzā Muhammad


Qazvīnī (ed.), 3 vols., Tehran: Pik Irān, 1962; The History of the World Conqueror, tr.
by J. A. Boyle, Manchester: Manchester University Press, 1997.

Jūzjānī, Minhāj b. Sirāj M. (589/1193- d. after 664/1265), Ṭabaḳāt-i- Nāṣīrī (657/1259-


658/1260), ed. ‘Abd al-Ḥayy Ḥabībī, 2 vols, Kabul, 1342-3/ 1963-4; tr. by H. G.
Raverty, W. N. Lees (ed.), 2 vols., reprint New Delhi: Oriental Books, 1970.

Kirakos Gandzakets‘i (1200-1271), History of the Armenians, Melik‘-Ohanjanyan (ed.),


Erevan: Academy of Sciences Press, 1961.

Монголын нууц товчоо, редактор Д. Цэрэнсодном, Улаанбаатар: Мөнхийн үсэг, 2004.

Монгол Улсын Түүх, дэд боть (XII-XIV зууны дунд үе), редактор Ч. Далай, Ц. Ишдорж,
Улаанбаатар, 2003.

Nasawī, Histoire du Sultan Djelal ed-Din Mankobirti, ed. and tr. O.Houdas. Paris, 1891-5;
Nasawī, Shihāb al-Dīn Muḥammad (fl.1241), Sīrat al-Sulṭān Jalāl al-Dīn Mankubirnī,
Nasih ‘Ali (ed.), Tehran: Sa‘dī, 1366/1987, tr. by S. M. Bunijatov, Moscow:
Vostochnaja Literatura, 1996.

Нацагдорж Ш. ,Чингис хааны цадиг, Улаанбаатар, 1991.

Petrushevski, ‘Поход монгольских войск в Средную Азию в 1219-1224 г. и его


последствия’ in Tataro-Mongoly v Azii i Evrope, Moscow, 1970:100-33.

Rashīd al-Dīn, Faḍl Allāh (ca 645/1247-718/1318), Jāmi’ al-Tavārīkh (704/1306-710/1311),


B. Karīmī (ed.), Tehran: Āqbāl, 1954; Sbornik Letopisei (Collected Chronicles), A. A.
Semyonov (ed.), tr. by L. A. Khetagurov, vol. 1, part 1; tr. by O. I. Smirnova, vol.1,
part 2, Moscow, Leningrad: Academy of Sciences Press, 1952; I. P. Petrushevskii
(ed.), tr. by Y. P. Verkhovsky, vol 2, Moscow, Leningrad: Academy of Sciences
Press, 1960; A. A. Romaskevich (ed.), tr. by A. K. Arends, vol 3, Moscow,
Leningrad: Academy of Sciences Press, 1946.

Ratchnevsky, Paul, Genghis Khan; His Life and Legacy, Blackwell, 1991.

Tikhvinskii, S. and Sandag, Sh., (eds.), Mongol-Tataruud Azi Evropt (The Mongol-Tatars in
Asia and Europe), Ulaanbaatar: State Press, 1984.

Waley, Arthur Li Chih-Ch'ang, The Travels of an Alchemist: The Journey of the Taoist
Ch'ang-Ch'un from China to the Hindukush at the Summons of Chingiz Khan,
Routledge and Kegan Paul, 1963.

15  
 

Вам также может понравиться